Автомашины каталогт тухайн автомашинд ямар бензин хэрэглэхийг заасан байдаг. Гадаадын орнуудад 2 төрлийн бензин байдаг ба түүнийг Regular ба Premium гэж ялгадаг. Зарим улсуудад High oktan, Super, normal мэтээр нэрлэдэг бол манай оронд октаны тоогоор нь ялгадаг. Regular нь арай хямд октан багатай бензинийг хэлэх ба Premium нь октан ихтэй сайн бензинийг нэрлэдэг. Зарим газар хэт их ангилал гаргаж 1-2 октаны зөрүү бүрт өөр үнэ тавих нь бий. Мөн октаныхаа хуваалтыг янз бүрээр хийх улс ч байна. Tухайлбал буурай орнуудад хамгийн сайн бензин нь 92, энгийн бензин нь 87 гэх мэт байх жишээтэй. Монголд одоогоор 80, 92, 95, 98 гэж хувааж байгаа ба 80 бензин бол зөвхөн оросын хуучны автомашинуудад зориулагдсан юм. Тэгхээр Regular ангилалд 92, Premium ангилалд 95, 98 орох болж байна. Зарим улсад бол 95 regular ангилалд орох нь бий.
Орчин үед хэрэглэж байгаа бензин нь хар тугалганы хольцгүй байгальд ээлтэй байхын зэрэгцээ автомашины түлшний системд сайнаар нөлөөлөх ёстой. Октаны тоогоор нь ялган авч үзвэл ойролцоогоор 85-92 октантай бензинийг Regular, 95-100 хүртэл октантай бензинийг Premium бензин гэж ялгадаг байна. Гэхдээ хөгжингүй орнуудад голдуу 90-92 октантай нь regular буюу энгийн бензин байдаг.
Октаны тоо өндөрсөх тусам детонаци өгөх буюу хөдөлгүүрээс цохисон дуу гарах нь бага байдаг бөгөөд хөдөлгүүрийн хүч сайн, шатахуун зарцуулалт сайжрах болно. Гэвч өндөр октантай бензин хийхийг заасан автомашинд хэрэглэхгүй бол энэ нь үзүүлэлт тийм сайн болохгүй юм.
Regular буюу бага октантай бензин хэрэглэдэг автомашинд өндөр октантай бензин хэрэглэхэд үр дүн гарахгүй юм. Яагаад гэхээр өндөр октантай бензин хэрэглэдэг автомашины хөдөлгүүрийн тохиргоо өөр байдаг учраас. Тэгвэл өндөр октантай бензин хэрэглэдэг автомашинд бага октантай бензин хийвэл яах вэ. Хөдөлгүүрийн гаргах ёстой хүчин чадал, хэмнэлт гарахгүй гэсэн үг.
Өндөр октантай бензин нь ихэвчлэн спорт авто машин болон тансаг зэрэглэлийн авто машинд хэрэглэхэд зориулагдсан байдаг. Ялангуяа турбо хөдөлгүүртэй автомашинд өндөр октантай бензин хэрэглэх ёстой. Мөн европын орнуудын стандарт өндөр байдаг учир тэндхийн энгийн бензин бусад улсуудын өндөр октантай бензинтэй дүйцэх нь элбэг. Өөрөөр хэлбэл regular бэнзин хэрэглэх гэж заасан европ стандартын япон автомашин өөр улсуудад бол тухайн улсынхаа өндөр октантай бензинийг хэрэглэх болно гэсэн үг юм.
Өндөр октантай бензин хийдэг машинтай боловч “заза энгийн бензин хийчихэе”, бага октантай машин унадаг боловч “заза мөнгө байгаа юм чинь үнэтэй бензин хийчихэе” гэх нь утгагүй юм. Тэгэхээр автомашиныхаа хүчин чадал, хэмнэлтийг бүрэн ашиглах, илүү зардлаар машин унахгүйн тулд тухайн автомашинд хийхээр заагдсан бензинийг хэрэглэх нь хамгийн зөв юм